Нийгмийн дэд бүтэц

Нийгмийн дэд бүтэц

ХАНБОГД СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ УДДТ-7, БОЛОН УДДТ-8 ДЭД ТӨВ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

“Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-ийг хэрэгжүүлэх ажил эрчимтэй хэрэгжиж тус сумын төвд шинээр олон барилга байгууламжууд баригдаж одоо байгаа уурын зуухны ачаалал хүрэлцэхгүй байгаагаас гадна шинээр баригдаж буй ус, дулаан дамжуулах төвүүдийн хэрэглэгчийн ачаалал хэтрэх тооцоололтой байна. Тиймээс цаашид баригдаж буй орон сууц, сургууль цэцэрлэг, төлөвлөгдөж буй барилга байгууламжийг шаардлагатай дулаанаар хангахын тулд шинээр хоёр ус дулаан дамжуулах төв бий болгох ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа.

ДАЛАНЗАДГАДЫН 50МВт-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Даланзадгадын дулааны цахилгаан станцын үндсэн тоноглолууд элэгдэж хуучирсан, хоцрогдсоноос гадна жил ирэх тутам өргөжин тэлсээр буй аймгийн төвийн дулаан хангамж, тус станцаас эрчим хүчээр хангагддаг 6 сумын цахилгааны эрчим хүчний ачааллыг хангах хүчин чадалгүй болоод байгаа. Мөн Өмнөговь аймаг Монгол улсын төвийн эрчим хүчний сүлжээнээс хараат байдаг бөгөөд тус холын дамжуулалттай цахилгаан дамжуулах шугамын алдагдал өндөр, найдвартай байдал сул байна. Дээрх нөхцөлүүдээс шалтгаалан цахилгааны тасалдал байнга гардаг нь айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ихээхэн хүндрэл учруулж байна. Харин Өмнөговь аймаг нь эрчим хүчний нүүрсний арвин их нөөц, ордуудтай тул нүүрсээр ажилладаг ДЦС байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай юм.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр 4D хяналтын код бүхий аэродром шинээр барьж байгуулах ажлын нарийвчилсан зураг төсөл

Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын хүн амын өсөлт, шинээр баригдаж буй барилга байгууламжууд зэргээс шалтгаалан гэр хорооллын газар олголт одоогийн нисэх буудлын буулт-хөөрөлтийн талбайд тулж ирсэн. Дээрхээс шалтгаалан нислэгийн үеийн дуу шуугианы зохистой хязгаарыг хангах боломжгүй болсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Энэ нь “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаагаас гадна одоогийн ашиглагдаж байгаа 3С зэрэглэлтэй нисэх буудлыг В767-F агаарын хөлөгт зориулж өргөтгөж үргэлжлүүлэн барих боломжгүй юм. Иймд одоогийн ашиглагдаж байгаа 3С зэрэглэлийн нисэх буудлыг ойрын ирээдүйд олон улсын нисэх 4D зэрэглэлтэй болгон хөгжүүлэхэд зориулж одоогийн байршлыг нүүлгэн шилжүүлэх, Даланзадгад хотын цаашдын хүн амын өсөлт, суурьшлыг тооцоолж нисэх буудал, хотын хөгжил хоёрыг уялдуулан хөгжүүлэх нэн шаардлагатай байна.

БОЭТ-н эмэгтэйчүүдийн төрөх тасгийн лифтний засвар

2017 онд Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг ашиглалтад орсон бөгөөд жилдээ тус төрөх тасгаар 1800-2000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлдэг, ойролцоогоор үүний 20% нь мэс заслаар төрдөг, 20% нь хүндрэлтэй төрдөг гэсэн тоо баримтууд байна. Дээрх хүндрэлтэй, хагалгаагаар төрж буй эмэгтэйчүүдийг тасаг хооронд, хагалгааны дараа болон өмнө цахилгаан шатаар тэргэнцэр дээр зөөвөрлөдөг. Гэвч энэ тасгийн хоёр цахилгаан шатны нэг нь эвдрээд 2 жил болж байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүд болон тус тасгийн эмч, ажилтнуудын ажилд хүндрэл учирсаар байна.

Баян-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулах

Баян-Овоо сумын 19-р цэцэрлэгийн барилга нь 1988 онд баригдсан, 90 хүүхдийн хүчин чадалтай.Тус барилгад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг 35 жил тасралтгүй явуулсан бөгөөд 2017 онд хийгдсэн дээврийн засварын үед доргилт авч дээвэр 4 талаасаа цууралт өгсөн байна. Энэ талаар Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2023/09/28-ны өдрийн “Бага насны хүүхэд сурч хөгжих боломжгүй” гэсэн дүгнэлт шийдвэр гарч уг барилгыг ашиглахгүй болсон тул Баян-Овоо суманд шинэ цэцэрлэгийн барилга барих шаардлагатай болсон.

Даланзадгад сумын Нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих

2024-2025 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн нийт хэмжээнд 32 цэцэрлэгт 6510 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Үүнээс зөвхөн Даланзадгад суманд: 2023-2024 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгт 2970 хүүхэд хамрагдсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 3039 хүүхэд болж нэмэгдсэн байна. Одоогоор Даланзадгад сумын арван нэгэн цэцэрлэг нийтдээ 1885 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч дээрх тоогоор 1154 хүүхэд илүү буюу 61.2% хэтрэлттэй, нийт 78 бүлэг дүүргэлт дунджаар 39 хүүхэдтэй байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд Даланзадгад суманд 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 2 цэцэрлэг ашиглалтад орсон хэдий ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нөөцөд бүртгэлтэй 2 настай 36, 3 настай 39, 4 настай 45, 5 настай 7 хүүхэд нийт 127 хүүхэд байна.

МАНДАЛ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА БАРИХ

Мандал-овоо сум нь Өмнөговь аймгийн хамгийн хойд захын сум бөгөөд уламжлалт мал аж ахуйгаас өөр эдийн засгийн тулгуур багатай, аймгийн төвөөс алслагдсан сум юм. Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд байгуулагдсан ба одоогийн ашиглаж байгаа барилга нь 1979 онд ашиглалтад орсон чулуу, бетон суурьтай, тоосгон ханатай модон хучилттай нэг давхар барилга.

Даланзадгад сумын 1-р сургуулийн зарим барилгын дээврийн засвар

Даланзадгад сумын 1-р сургуулийн дэргэдэх 3 байр нь 1971 онд ашиглалтад орсон ба тус барилгуудад 1, 3-р сургуулийн 110 хүүхэд амьдардаг дотуур байр, 7 бүлгийн 500 сурагчийн багтаамжтай бага сургууль, 6 төрлөөр хүүхэд, багш хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн ирээдүй” сургалтын төв, 1-р сургуулийн дотуур байрны гал тогоо зэрэг байгууллагууд байрладаг. 2024 оны 4, 5 дугаар сард болсон байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганаар дээрх 3 барилгуудын дээвэр хуурч 2-р давхрын өрөө тасалгаанд дусаал гоождог болсноос барилгуудын дотор заслыг муутгаж багш, сурагч, ажилчдын сурч, ажиллах орчин тав тухгүй болгосон тул тус барилгуудын дээврийг яаралтай засварлах зайлшгүй шаардлага тулгарсан.

Ханбогд сумын дулаан дамжуулах төв-5, УДДТ-5-н 1, 2-р хэлхээний гадна дулааны шугам сүлжээний ажил

2022 онд Ханбогд сум Дулааны станцын барилга, тоноглол, сумын төвийг бүхэлд нь хамруулсан дулааны 1, 2-р хэлхээний шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүд гэх мэтээр иж бүрэн зураг төсөв хийлгэж Барилга хөгжлийн төвөөр батлуулсан. Одоогоор тус станцын барилга баригдаж дуусаж улсын комисст хүлээлгэн өгөх шатанд байгаа хэдий ч ус, дулаан дамжуулах төвүүд болон гадна шугам сүлжээний ажлууд эхлээгүй хэвээр байгаа тул дээрх ажлуудыг үе шаттай эхлүүлэх шаардлагатай байсан. Мөн сумын одоогийн уурын зуух нь сумын төвд шаардлагатай дулааны хэрэглээг хангаж чадахгүй болсон.