Нийгмийн дэд бүтэц

Нийгмийн дэд бүтэц

Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төвөлгөө боловсруулах

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2015 онд батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2030 он хүртэл баримтлахаар боловсруулагдсан боловч тус ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн шатанд сумын хөгжлийн чиг хандлага, хурдцаас шалтгаалан барилга байгууламжийн төлөвлөлт инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийх, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд жил ирэх тутам хүндрэл учирч байна.

Цогт-Овоо сумын 15 ортой эрүүл мэндийн төвийн барилга

Цогт-Овоо суманд 2020 оны жилийн эцсийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 1896 хүн ам тоологдсон бөгөөд засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай сум юм. Мөн тус сум нь Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хот орох улсын чанартай төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт зорчин өнгөрөх иргэдийн тоо харьцангуй ихтэй байдаг тул ердийн сумын эмнэлгээс илүү ачаалалтай ажилладгаас гадна гэнэтийн осол аваарын үед үзүүлэх анхан шатны яаралтай тусламж үйлчилгээний хүртээмж маш муу байдаг.

Гашуунсухайт боомтын хяналтын камераар тоноглогдсон цамхагт харуулын байр

Гашуунсухайт боомт нь экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлж буй гол боомт тул зорчих хөдөлгөөн ачаа тээврийн ачаалал маш их байдаг. Гэтэл боомтоор хүн, ачаа тээвэрлэж буй замын орчимд камержуулалт хангалтгүйгээс зөрчил илрүүлэх боломж сул байгаа нь төрийн байгууллага хяналт тавих, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж муутай байна. Энэхүү сул талыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх бололцоотой юм.

Даланзадгад сумын Гурван сайхан хорооллын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга

Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байгаа, зарим хүүхдүүдийн хамрагдаж буй цэцэрлэг гэрээс нь 4-6 км хол байрлалтай байдаг нь хүүхэд, гэр бүлд бэрхшээлтэй байдаг. 2019 оны байдлаар Даланзадгад сумын Гурван сайхан, Нисэх, Баруун сайхан хорооллын хойд тал, Төгөл зэрэг алслагдсан гэр хороололд цэцэрлэгийн насны 300 хүүхэд бүртгэлтэй байсан.

Даланзадгад сумын Гурван сайхан хороолол дахь 1200 хүүхдийн сургууль

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот нь сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл эрс нэмэгдэж байгаатай уялдан сургууль цэцэрлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. 2019 оны байдлаар Даланзадгад сумын 6 сургуулийн 5 нь 2 ээлжээр хичээллэдэг, шинэ төлөвлөлтийн бүс дэх гэр хорооллуудад оршин сууж байгаа 3,193 өрхийн хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ 4-6 км холоос явдаг байсан. Энэ нь нийтийн тээвэр хөгжөөгүй тус суманд хүүхдүүд их холоос сургууль, цэцэрлэгтээ явахад бэрхшээлтэй байдаг, Даланзадгад суманд 2,591 сурагчийн суудал дутагдаж байсан зэрэг нөхцөл байдалд үндэслэн төслийг санаачилсан.

Ханбогд сумын цахилгаан шугамын өргөтгөл

Ханбогд сумын төвийн Жавхлант баг Шар дов хороололд 278 өрхийн 800 гаруй иргэд оршин суудаг бөгөөд одоогийн байгаа цахилгааны шугамын хүчин чадал, гэмтэл доголдлоос шалтгаалан цахилгааны хэрэглээ хязгаарлагдмал, найдваргүй байдаг.

Ханбогд сумын өвс тэжээлийн агуулах

Сүүлийн арван жилд Ханбогд сумын малын тоо толгой эрчимтэй өсч, өнгөрсөн жилийн мал тооллогоор 170 мянга гаруй мал тоологдсон нь сумын бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Мөн тус суманд 4-5 жилийн давтамжтай ган, зуд болдог, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг зэрэг 1000 гаруй километрийн зайтай газраас өвс, тэжээлээ татдаг зэрэг нь стандартын шаардлагад нийцсэн нөөцийн өвс, тэжээлийн агуулахтай болох нэн шаардлагатайг харуулж байна.

Баян-Овоо сумын уурын зуух

Баян-Овоо сумын төвд 600 гаруй иргэд оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, спорт заал, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан бөгөөд 2018 онд сумын төвийн дулааны шугамыг бүрэн шинэчилж гол шугамын диаметрийг ф108мм байсныг ф273мм, ф219мм болгож томсгосон зэргээс шалтгаалж уурын зуухны хүчин чадал сумын төвийн одоо байгаа барилгуудаа дулааны эх үүсвэрээр хангахад хүрэлцээгүй болсон. Үүний улмаас хүйтний улиралд сумын төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон барилга байгууламжийн дотор шугам сүлжээ хөлдөх өндөр эрсдэлтэй байсан.

Манлай сумын цэцэрлэгийн барилга, тоног төхөөрөмж

Манлай сумын 15-р цэцэрлэг нь 2013 онд ашиглалтанд орсон 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгатай. 2018-2019 оны хичээлийн жилд 8 багш, 6 ажилтантайгаар 130 хүүхэд хамруулан ажилласан байна. Гэвч энэ нь цэцэрлэгийн барилгын хүчин чадлаас хамаарч тойргийн хэмжээнд байгаа 267 хүүхдийн 50% ийг л цэцэрлэгт хамруулсан тоон үзүүлэлт юм.

Хөрс эрдэнэ

Баян-Овоо сум 2013 онд сумынхаа ахмадууд болон газар тариалан эрхлэгчдээ дэмжиж газар тариалангийн жишиг талбайг "Оюутолгой” ХХК-тай хамтран байгуулсан. Энэхүү талбай нь сумын төвөөс алслагдсан байршилтай тул цахилгааны эх үүсвэргүй, усалгааны зориулалтаар мотор жиллуулахад их хэмжээний зардал гаргадаг сул талтай. Иймд уг тариалангийн талбайруу сумын цэвэр усны нөөцийн трансформатораас цахилгааны шугам татаж эрчим хүчээр хангах шаардлагатай.