Нийгмийн дэд бүтэц

Нийгмийн дэд бүтэц

Ханбогд сумын цахилгаан шугамын өргөтгөл

Ханбогд сумын төвийн Жавхлант баг Шар дов хороололд 278 өрхийн 800 гаруй иргэд оршин суудаг бөгөөд одоогийн байгаа цахилгааны шугамын хүчин чадал, гэмтэл доголдлоос шалтгаалан цахилгааны хэрэглээ хязгаарлагдмал, найдваргүй байдаг.

Ханбогд сумын өвс тэжээлийн агуулах

Сүүлийн арван жилд Ханбогд сумын малын тоо толгой эрчимтэй өсч, өнгөрсөн жилийн мал тооллогоор 170 мянга гаруй мал тоологдсон нь сумын бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Мөн тус суманд 4-5 жилийн давтамжтай ган, зуд болдог, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг зэрэг 1000 гаруй километрийн зайтай газраас өвс, тэжээлээ татдаг зэрэг нь стандартын шаардлагад нийцсэн нөөцийн өвс, тэжээлийн агуулахтай болох нэн шаардлагатайг харуулж байна.

Баян-Овоо сумын уурын зуух

Баян-Овоо сумын төвд 600 гаруй иргэд оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, спорт заал, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан бөгөөд 2018 онд сумын төвийн дулааны шугамыг бүрэн шинэчилж гол шугамын диаметрийг ф108мм байсныг ф273мм, ф219мм болгож томсгосон зэргээс шалтгаалж уурын зуухны хүчин чадал сумын төвийн одоо байгаа барилгуудаа дулааны эх үүсвэрээр хангахад хүрэлцээгүй болсон. Үүний улмаас хүйтний улиралд сумын төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон барилга байгууламжийн дотор шугам сүлжээ хөлдөх өндөр эрсдэлтэй байсан.

Манлай сумын цэцэрлэгийн барилга, тоног төхөөрөмж

Манлай сумын 15-р цэцэрлэг нь 2013 онд ашиглалтанд орсон 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгатай. 2018-2019 оны хичээлийн жилд 8 багш, 6 ажилтантайгаар 130 хүүхэд хамруулан ажилласан байна. Гэвч энэ нь цэцэрлэгийн барилгын хүчин чадлаас хамаарч тойргийн хэмжээнд байгаа 267 хүүхдийн 50% ийг л цэцэрлэгт хамруулсан тоон үзүүлэлт юм.

Өмнөговь аймгийн музейн барилга

Өмнөговь аймаг нь Монгол улсын өмнөд хэсэгт байрлах үзэсгэлэнт байгальтай, говь нутгийн байгаль цаг агаарт зохицсон уламжлалт нүүдлийн соёл иргэншил, түүх соёлын арвин уламжлалтай нутаг юм. Байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал нь аймгийн эдийн засгийн тулгуур салбарын нэг юм. Монгол улсад ирж буй жуулчдын 80 гаруй хувь нь говь нутгийг үзэж сонирхохоор ирдэг.

Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн дээврийн нэмэлт ажил

Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөвт урлагийн заал, номын сан болон бусад өрөөнд халаалтын систем бүрэн төлөвлөөгүйн улмаас хүйтний улиралд сургууль, цэцэрлэгийн халаалт хангалтгүй байсан.