Сүүлийн арван жилд Ханбогд сумын малын тоо толгой эрчимтэй өсч, өнгөрсөн жилийн мал тооллогоор 170 мянга гаруй мал тоологдсон нь сумын бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Мөн тус суманд 4-5 жилийн давтамжтай ган, зуд болдог, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг зэрэг 1000 гаруй километрийн зайтай газраас өвс, тэжээлээ татдаг зэрэг нь стандартын шаардлагад нийцсэн нөөцийн өвс, тэжээлийн агуулахтай болох нэн шаардлагатайг харуулж байна.
Баян-Овоо сумын төвд 600 гаруй иргэд оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, спорт заал, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан бөгөөд 2018 онд сумын төвийн дулааны шугамыг бүрэн шинэчилж гол шугамын диаметрийг ф108мм байсныг ф273мм, ф219мм болгож томсгосон зэргээс шалтгаалж уурын зуухны хүчин чадал сумын төвийн одоо байгаа барилгуудаа дулааны эх үүсвэрээр хангахад хүрэлцээгүй болсон. Үүний улмаас хүйтний улиралд сумын төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон барилга байгууламжийн дотор шугам сүлжээ хөлдөх өндөр эрсдэлтэй байсан.
Манлай сумын 15-р цэцэрлэг нь 2013 онд ашиглалтанд орсон 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгатай. 2018-2019 оны хичээлийн жилд 8 багш, 6 ажилтантайгаар 130 хүүхэд хамруулан ажилласан байна. Гэвч энэ нь цэцэрлэгийн барилгын хүчин чадлаас хамаарч тойргийн хэмжээнд байгаа 267 хүүхдийн 50% ийг л цэцэрлэгт хамруулсан тоон үзүүлэлт юм.
Баян-Овоо сум 2013 онд сумынхаа ахмадууд болон газар тариалан эрхлэгчдээ дэмжиж газар тариалангийн жишиг талбайг "Оюутолгой” ХХК-тай хамтран байгуулсан. Энэхүү талбай нь сумын төвөөс алслагдсан байршилтай тул цахилгааны эх үүсвэргүй, усалгааны зориулалтаар мотор жиллуулахад их хэмжээний зардал гаргадаг сул талтай. Иймд уг тариалангийн талбайруу сумын цэвэр усны нөөцийн трансформатораас цахилгааны шугам татаж эрчим хүчээр хангах шаардлагатай.
Манлай сумын Эрүүл мэндийн төв нь 1938 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд 80 жилийн ойтойгоо золгож байна. Манлай сумынхаа ууган, гол байгууллагуудын нэг бөгөөд орон нутгийнхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. 1997 онд ашиглалтанд орсон хуучин барилга нь өнөөгийн стандарт шаардлага хангахгүй болсон, ариутгал, угаалга зэрэг зохион байгуулалт буруу зэрэг нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчдөг, эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэдэг.
Өмнөговь аймаг нь Монгол улсын өмнөд хэсэгт байрлах үзэсгэлэнт байгальтай, говь нутгийн байгаль цаг агаарт зохицсон уламжлалт нүүдлийн соёл иргэншил, түүх соёлын арвин уламжлалтай нутаг юм. Байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал нь аймгийн эдийн засгийн тулгуур салбарын нэг юм. Монгол улсад ирж буй жуулчдын 80 гаруй хувь нь говь нутгийг үзэж сонирхохоор ирдэг.
Даланзадгад сумын 11-р цэцэрлэгийн үндсэн барилга нь 1980 онд ашиглалтад орсон 75 хүүхдийн багтаамжтай юм. Тус цэцэрлэгийн хамран сургах хүүхдийн тоо нь цэцэрлэгийн хүчин чадлаас 2-3 дахин олон болсон тул Даланзадгадын 1-р сургуулийн дотуур байрны барилгыг ашиглаж нэмэлтээр 3 бүлэг нээн ажиллуулж нийт 219 хүүхдийг сурган хүмүүжүүлж байв.
Өмнөговь аймагт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байхгүй учир орон нутгийн иргэд, байгууллага, уул уурхайн байгууллагуудын ажилчдын хүнсний эрүүл ахуйн нөхцөл хангагдахгүй байгаагаас гадна малчид малаа орон нутагтаа зах зээлийн жишиг үнээр борлуулах, орон нутгийн энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд эрүүл ахуйн стандартад нийцсэн мах хөлдөөж, хадгалах агуулах шаардлагатай байгаа. Мөн Өмнөговь аймгийн нийт хүн амын 38,1% буюу 25016 хүн Даланзадгад сумын төвдөө амьдарч байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 12 жилийн дунд сургуульд 950 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа сургуулийн барилга анх баригдахдаа багш, сурагчдад зориулсан ариун цэврийн өрөөг шийдвэрлээгүй ба нийтийн бие засах газрыг зайлшгүй байгуулах нь сургуулийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Ханбогд сумын төвийн газарзүйн байршил нь нам доор байрлалтай ба баруун болон урд талаараа Галбын уулархаг бүстэй залгаж уулнаас буух томоохон голуудын дунд оршдог өвөрмөц тогтоцтой. Сумын төвийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт тэлснээр шинэ олгогдож буй суурьшлын бүс нь үерийн нөлөөлөлд өртөж бороо хур элбэг жилүүдэд үер усны аюулд өртөх өндөр эрсдэлтэй юм. 2015 оны 6-р сарын 7-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо 30 минут орох төдийд сумын төв бүхэлдээ усанд автаж төрийн болон иргэдийн өмч хөрөнгө ихээр эвдэрч сүйдсэн, айлуудын бохир хальж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлсэн ноцтой аюул болж байсан юм.