Нийгмийн дэд бүтэц

Нийгмийн дэд бүтэц

Даланзадгад сумын 1-р сургуулийн зарим барилгын дээврийн засвар

Даланзадгад сумын 1-р сургуулийн дэргэдэх 3 байр нь 1971 онд ашиглалтад орсон ба тус барилгуудад 1, 3-р сургуулийн 110 хүүхэд амьдардаг дотуур байр, 7 бүлгийн 500 сурагчийн багтаамжтай бага сургууль, 6 төрлөөр хүүхэд, багш хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн ирээдүй” сургалтын төв, 1-р сургуулийн дотуур байрны гал тогоо зэрэг байгууллагууд байрладаг. 2024 оны 4, 5 дугаар сард болсон байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганаар дээрх 3 барилгуудын дээвэр хуурч 2-р давхрын өрөө тасалгаанд дусаал гоождог болсноос барилгуудын дотор заслыг муутгаж багш, сурагч, ажилчдын сурч, ажиллах орчин тав тухгүй болгосон тул тус барилгуудын дээврийг яаралтай засварлах зайлшгүй шаардлага тулгарсан.

Ханбогд сумын дулаан дамжуулах төв-5, УДДТ-5-н 1, 2-р хэлхээний гадна дулааны шугам сүлжээний ажил

2022 онд Ханбогд сум Дулааны станцын барилга, тоноглол, сумын төвийг бүхэлд нь хамруулсан дулааны 1, 2-р хэлхээний шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүд гэх мэтээр иж бүрэн зураг төсөв хийлгэж Барилга хөгжлийн төвөөр батлуулсан. Одоогоор тус станцын барилга баригдаж дуусаж улсын комисст хүлээлгэн өгөх шатанд байгаа хэдий ч ус, дулаан дамжуулах төвүүд болон гадна шугам сүлжээний ажлууд эхлээгүй хэвээр байгаа тул дээрх ажлуудыг үе шаттай эхлүүлэх шаардлагатай байсан. Мөн сумын одоогийн уурын зуух нь сумын төвд шаардлагатай дулааны хэрэглээг хангаж чадахгүй болсон.

Манлай сумын ЕБС-ийн хиймэл зүлэг бүхий хөл бөмбөгийн талбай байгуулах

Хөл бөмбөг нь дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй өргөн тархсан спорт юм. Тус спортоор хичээллэх нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтойгоос гадна багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хурдан сэтгэх, аливаа асуудалд дүн шинжилгээ өгөх чадвар хөгжих, тэсвэр хатуужил, хувийн сахилга сайтай болох, нийтэч болох, стресс бухимдлыг арилгах, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй болох зэргээр хүүхэд залуусыг зөв төлөвшүүлэх олон сайн талтай спортын төрөл юм. Манлай сумын Ерөнхий боловсролын сургуульд одоогийн байдлаар 375 хүүхэд суралцаж байгаа бөгөөд сумын хэмжээнд тусгайлсан хөл бөмбөгийн талбай байхгүй байгаа нь хүүхэд залуус тус спортоор хичээллэх боломж нөхцөл бүрдэж эхлээгүй байна.

Буянт хотхон УТҮГ-ын дэргэдэх "Динос ланд" хүүхдийн паркын гэрэлтүүлэг

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаараа 2015 онд Даланзадгад суманд 10 га талбайд хүүхдийн парк байгуулж иргэдийнхээ танин мэдэхүйн боловсрол, нутаг усаараа бахархан бахдах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгожээ. Тус Динос ланд хүүхдийн паркад үйлчлүүлэгчдийн 80 шахам хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. 2023 оны 6 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл 4 сарын хугацаанд бага насны 67 хүүхэд асран хамгаалагчаасаа төөрсөн, 141 иргэн эд зүйлсээ алдсан, мөн өсвөр насны 14 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэх тоо баримт бүртгэгдсэн нь төслийг санаачлах үндэслэл болсон байна.

Даланзадгад дэд станцын хүчний трансформаторын хүчин чадал нэмэгдүүлж солих

Даланзадгад сумын дэд станцын трансформатор 2*10 МВА чадалтай ба нийт суурилагдсан 20МВА чадалтай. 2023-2024 оны өвлийн улиралд өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний ачаалал 20 МВА-с хэтэрч зарим хэрэглэгчийг хязгаарлаж ажилласан ба 2024-2025 онд цахилгаан эрчим хүчээр хэвийн хангах боломжгүй байсан. Иймд тус аймгийн цахилгаан эрчим хүчний үндсэн эх үүсвэр болсон 110/35/10 кВ-н Даланзадгад дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн барилга

Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр өсөн нэмэгдэж буй хог хаягдлын нэг нь хуванцар хог хаягдал юм. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн хэмжээнд жилдээ ойролцоогоор 200 гаруй тонн энгийн хог хаягдал гардаг үүний 20-30 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаагаас одоогоор нийт хог хаягдлын зөвхөн 8 орчим хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа судалгаа гаргасан байна.

Ханбогд сумын цэвэр бохирын шугам - 2023

Ханбогд сум нь суурин болон хөдөлгөөнт хүн амын төвлөрөл ихтэй томоохон сум бөгөөд 2023 оны статистикийн судалгаагаар тус суманд албан ёсны бүртгэлтэй 7986 хүн ам, 2193 өрх тоологдсон. Энэхүү томоохон суурин болон хөгжиж байгаа сумын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдарч, ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд сумын төвийн инженерийн шугам сүлжээг өргөтгөж гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох нь чухал дэмжлэг болох юм.

Даланзадгад сумын станцад үнсэн сан байгуулах

Даланзадгад сумын Дулааны цахилгаан станц нь 444 аж ахуйн нэгж байгууллага, 69 төсөвт байгууллага, 2705 айл өрх буюу нийт 3218 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Мөн тус станц нь 2000 онд ашиглалтад орсон бөгөөд жилд дунджаар 70,000 тн нүүрс түлж 18,000 тн үнс ялгаруулдаг. Тус станц нь үнс, шаарга зайлуулах тоног төхөөрөмжгүйгээс үнс, нурам зайлуулагч 3 хүнээр үнсээ хуурайгаар нь түрдэг тэргээр зөөлгөн машинд ачин станцаас урагш 3.5 км газарт тээвэрлэн хаядаг.

Ханбогд сумын төвийн гадна цэвэр, бохирын шугамын угсралт

Ханбогд сум нь суурин болон хөдөлгөөнт хүн амын төвлөрөл ихтэй томоохон сум бөгөөд 2021 оны статистикийн судалгаагаар тус суманд албан ёсны бүртгэлтэй 8154 хүн ам, 1718 өрх тоологдсон. Энэхүү томоохон суурин болон хөгжиж байгаа сумын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдарч, ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд сумын төвийн инженерийн шугам сүлжээг өргөтгөж гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох нь чухал дэмжлэг болох юм.