Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэржилтийн бүсийг тогтоож түүнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн төлөвлөлтийг гаргасан байдаг. Тус бүсэд барилгын чиглэлийн 7, хөнгөн үйлдвэрийн 8, хүнсний үйлдвэрийн 9, малын гаралтай түүхий эд боловсруулах болон бусад чиглэлийн 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжтойгоор төлөвлөсөн байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд аймгийн хэмжээний үйлдвэрийн нөөц, кластер, бодлогын судалгаа хийх тухайн бүсийн дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.
Өмнөговь аймаг нь уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг түшиглэн хөгжиж буй аймаг тул цаашид орон нутгийн бизнес эрхлэгчдэд уул уурхайтай холбоотой болон холбоогүйгээр үүсэх боломж, эрсдэлийг тооцоолон орон нутгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн шинэ түвшинд хүргэн хөгжүүлэх цогц бодлогын баримт бичиг боловсруулах, үе шаттай хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарч байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2015 онд батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2030 он хүртэл баримтлахаар боловсруулагдсан боловч тус ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн шатанд сумын хөгжлийн чиг хандлага, хурдцаас шалтгаалан барилга байгууламжийн төлөвлөлт инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийх, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд жил ирэх тутам хүндрэл учирч байна.
Цогт-Овоо суманд 2020 оны жилийн эцсийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 1896 хүн ам тоологдсон бөгөөд засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай сум юм. Мөн тус сум нь Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хот орох улсын чанартай төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт зорчин өнгөрөх иргэдийн тоо харьцангуй ихтэй байдаг тул ердийн сумын эмнэлгээс илүү ачаалалтай ажилладгаас гадна гэнэтийн осол аваарын үед үзүүлэх анхан шатны яаралтай тусламж үйлчилгээний хүртээмж маш муу байдаг.