Баян-Овоо сумын 19-р цэцэрлэгийн барилга нь 1988 онд баригдсан, 90 хүүхдийн хүчин чадалтай.Тус барилгад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг 35 жил тасралтгүй явуулсан бөгөөд 2017 онд хийгдсэн дээврийн засварын үед доргилт авч дээвэр 4 талаасаа цууралт өгсөн байна. Энэ талаар Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2023/09/28-ны өдрийн “Бага насны хүүхэд сурч хөгжих боломжгүй” гэсэн дүгнэлт шийдвэр гарч уг барилгыг ашиглахгүй болсон тул Баян-Овоо суманд шинэ цэцэрлэгийн барилга барих шаардлагатай болсон.
Баян-Овоо сумын төвд 600 гаруй иргэд оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, спорт заал, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан бөгөөд 2018 онд сумын төвийн дулааны шугамыг бүрэн шинэчилж гол шугамын диаметрийг ф108мм байсныг ф273мм, ф219мм болгож томсгосон зэргээс шалтгаалж уурын зуухны хүчин чадал сумын төвийн одоо байгаа барилгуудаа дулааны эх үүсвэрээр хангахад хүрэлцээгүй болсон. Үүний улмаас хүйтний улиралд сумын төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон барилга байгууламжийн дотор шугам сүлжээ хөлдөх өндөр эрсдэлтэй байсан.
Баян-Овоо сум 2013 онд сумынхаа ахмадууд болон газар тариалан эрхлэгчдээ дэмжиж газар тариалангийн жишиг талбайг "Оюутолгой” ХХК-тай хамтран байгуулсан. Энэхүү талбай нь сумын төвөөс алслагдсан байршилтай тул цахилгааны эх үүсвэргүй, усалгааны зориулалтаар мотор жиллуулахад их хэмжээний зардал гаргадаг сул талтай. Иймд уг тариалангийн талбайруу сумын цэвэр усны нөөцийн трансформатораас цахилгааны шугам татаж эрчим хүчээр хангах шаардлагатай.
Баян-Овоо сумын ЕБДСургуулийн дотуур байр нь ашиглалтанд орсон цагаасаа хойш их засварт орж байгаагүй. Сургуулийн сурагчдын байр нь агааржуулалтгүй дээврээсээ ус гоожин, хана тааз нь цуурч, цонхнууд нь маш ихээр хагарч, цахилгааны холболт эрсдэлтэй болж хүүхэд амьдрах орчин эрүүл ахуй аюулгүй байдалд эрсдэл учирч байгаа, мөн сүүлийн жилүүдэд буюу 2010 оноос хойш хүн амын төрөлт ихсэж, нутгийн хүн ам тогтвортойгоор өсөх судалгаа гарч байна. Өмнөх жилүүдэд дунджаар 20-25 хүүхэд шинээр элсэх төрөлттэй байсан.
Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1979 онд баригдсан бөгөөд 2014 онд үерт автан уг эмнэлгийн барилга муудсан байсныг Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд шалгаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт, шаардлага хангахгүй гэж тогтоосон. Уг эмнэлгийн барилга хуучирч үерт автан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байр гэхээсээ халдварт өвчин тархах, ялангуяа мөөгөнцрийн халдвар, өвчтөнөөс өвчтөнд халдвар тархах эрсдэлтэй барилга болсон байжээ.