Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюутолгой” компанийн хооронд 2015 оны 4 сарын 22-нд Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээний хэрэгжилтийг хангах “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-г “Оюутолгой” компани үүсгэн байгуулсан өдөр 9 сарын 25.
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь үүсгэн байгуулагдсан 2015 онд Даланзадгадын 25, 25-р цэцэрлэгийн барилга барих төслийг санхүүжүүлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнгөрсөн 7 жилийн хугацаанд санхүүжүүлэгч “Оюутолгой” компаниас хүлээн авсан 101.2 тэрбум төгрөгөөр нийт 300 гаруй төсөл хөтөлбөр санхүүжүүлэн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Эдгээрээс аймгийн музей, 6 цэцэрлэг, 2 сургууль, 3 сумын хүн эмнэлгийн барилга, сумдын уурын зуух, цэвэр бохирын шугам зэрэг дэд бүтцийн олон төслүүд, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйд чиглэсэн олон тооны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, 300 гаруй оюутанд сургалтын бүрэн тэтгэлэг олгосон байна.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг гардан хариуцаж байсан тухайн үеийн орон нутаг, “Оюутолгой” компанийн ажлын хэсгийн гишүүд, сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн орон нутгийн үе үеийн удирдлага, харилцагч байгууллагууд, иргэддээ болон онцгойлон сангийн үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгч “Оюутолгой” компанийн үе үеийн удирдлага, хамт олон, тус компанийн хувь нийлүүлэгчид, уурхайчдаа сангаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр бүрийн үр шимийг хүртэгч говь нутгийн түмэн олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.