ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Морин хуур нь Монголын төдийгүй дэлхийд гайхагдсан үндэсний язгуур өв юм. 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн. Энэ агуу үндэсний язгуур өвийг Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган хөгжмийн хичээл ордог хэдий ч 3-р ангиас эхлэн орох ба зөвхөн морин хуурын бүтцийн талаар зураг дээр ярилцах, морин хуурын хөгжим сонсох зэргээр сургалт явуулж байна. Тиймээс морин хуур тоглож сурах сонирхолтой бага насны хүүхдүүдийг сургалтад хамруулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлж мөн бага наснаас нь хүүхдүүдийг үндэсний шинж чанартай хөгжмийн зэмсэг эзэмшүүлж сургах нь чухал юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Цогтцэций сумын сургуулийн морин хуур тоглож сурах сонирхолтой сурагчдыг морин хуурын сургалтад хамруулах, дүрс бичлэг хийж түгээн дэлгэрүүлэх, цаашид тасралтгүй сургалт явуулахад шаардлагатай боловсон хүчин чадавхжуулах сургалт явуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
2001 оноос хойш уртын дууны концертмейтр багш, морин хуурын багш, Япон улсад морин хуурын хөгжимчин, нийслэлийн Улаанбаатар чуулгат морин хуур хөгжимчин хийж байгаа гэх мэт туршлагатай морин хуурч, багш, урлаг судлаач А.Мөнгөн нь төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Төв аймаг, Дундговь аймгийн Дэрэн сум, Өмнөговь аймгийн Цогтцэций,Мандал-Овоо, Цогт-Овоо сумдаар хийсэн судалгаа дээрээ үндэслэн Цогтцэций сумын 21 сурагч, хөгжмийн багш нарыг сургалтад хамруулж, дүрс бичлэг хийж Цогтцэций сумын 2024 онд болох 100 жилийн ойд зориулсан сурагчдын тоглолт зохион байгуулах, цахимаар болон телевизээр олны хүртээл болгох, мөн Цогтцэций сумын хөгжмийн багш нарыг чадавхжуулан цаашид Цогтцэций сумын сурагчдыг морин хуурын сургалтад тогтмол хамрагдаж байх боломжийг бүрдүүлж байна. Уг төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалтуудыг тогтвортой явуулахын тулд Цогтцэций сумын Соёлын төвд 35 ширхэг морин хуур, 2 ширхэг ёочин хөгжим, 4 ширхэг ятга, 2 ширхэг лимбэ, нийт 43 хөгжмийн зэмсэг нийлүүлж байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Цогтцэций сумын 21 хүүхэд үндэсний өв соёл болсон морин хуураа тоглож сурах, цаашлаад өв тээгчид болох, хөгжмийн зэмсэг эзэмшиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, бусдад түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм.