“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл хангах, орон нутагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулан 800.0 сая төгрөгийн хандив, тусламжийг олголоо.
Уг хандивын санхүүжилтээс “Оюутолгой” компанийн түншлэгч Ханбогд суманд 100.0 сая, Баян-Овоо, Манлай сумдад тус бүр 75.0 сая, бусад бүх сумдад тус бүр 25.0 сая, аймгийн хэмжээний өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажилд зориулан 250.0 сая төгрөгийг тус тус зарцуулах юм.
Өмнөговь аймгийн удирдлагын санал, хүсэлтийн дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлэн, орон нутгийн холбогдох байгууллагууд хэрэгжилтийг зохион байгуулан сумдад хуваарилах энэхүү өвс тэжээлийн нөөц нь өнгөрсөн зун хур бороо татуу, зуншлага тааруу болсон говь нутгийн малчин түмэнд маань дэм тус болж, сүрэг мэнд өвлийг өнтэй давахад үр өгөөжөө өгөх болтугай.