“Даланзадгад сумын үйлдвэрлэлийн бүсийг бохирын нэгдсэн шугамд холбох” төслийн ажил эхэллээ

“Даланзадгад сумын үйлдвэрлэлийн бүсийг бохирын нэгдсэн шугамд холбох” төслийн ажил эхэллээ

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинээр байгуулж байгаа үйлдвэрлэлийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй цуврал төслүүдийн нэг  “Үйлдвэрлэлийн бүсийг бохирын шугамд холбох төсөл”-ийн шав тавих, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үйл ажиллагаа 2022.03.20-ны өдөр боллоо.

Уг үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Сэддорж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын холбогдох ажилтнууд, гүйцэтгэгч “Алтайн үндэс констракшн” компани болон ашиглагч “Гүний ус” компанийн удирдлага, инженер техникийн ажилтнууд оролцлоо.

Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, шинэ үйлдвэр бүтээн байгуулалт бий болгох тулгуур дэд бүтцийг ийнхүү шийдвэрлэснээр уг бүсэд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр бий болгох, иргэдийн ахуй амьдрал, орон нутгийн төсвийн орлогод эерэг нөлөө авчрах ирээдүйг харсан энэхүү төслийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 973.7 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм.

Мөн өнгөрсөн онд уг үйлдвэрлэлийн бүсийг эрчим хүчний эх үүсвэрт холбох дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 933.5 сая төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн компаниуд хийж гүйцэтгээд байгаа юм.

Ийнхүү Өмнөговь аймгийн бизнес салбарт шинэ хуудас нээх олон талын оролцоотой “Үйлдвэрлэлийн бүс байгуулах”  төслийн нэгэн чухал дэд бүтцийн ажил эхэллээ. Уг төслийг хэрэгжүүлж хамтран ажиллаж буй холбогдох төрийн болон бизнесийн байгууллагууд тэдгээрийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хуваалцах: